Powered By Blogger

Tuesday, May 15, 2012

Бурхан буурайдаа өргөсөн эрхэн сэтгэлийн хэлхээ.

Дуугаар ухааруулж өсгөсөн миний эмээ...
Ээжийн минь ээж
Эмгэн буурал ээж минь
Үрийн минь үр гэж
Үлтэрч элтэрч явна уу даа
Нар болсон хайраараа
Намайгаа гийгүүлсэн
Наслан жаргахын буянтай
Настан буурал эмээ минь... Тиймээ, энэ дуу Сандуйжавын шүлгээр төрж, Чулуунхүүгийн аяар торниж, хүн бүрийн зүрхэнд эгшиглэсээр буй гайхалтай сор бүтээлийн нэг төдийгүй, дуутай хууртай хорвоод настан буурал эмээ нарыг магтан дуулсан уянга эгшгийн нэгэн эрхэн хэлхээ билээ.
Эмээ минь мөнх бус хорвоод байх хугацаандаа ая дууны ертөнцөд амьдарч, уянга эгшгээр амьсгалж байж дээ. Миний эмээ ардын дууны сайхан бүсгүй Сүнжидмаа, Дүүриймаа, Эгиймаа нарыг дурсан хөөрч, Чулуунхүүгийн “Ээжийн бор аяга” -нд Жавхлангийн “Ээжийн чанасан цай”-г дүүргэн дүүргэн дуулж суудагсан. Хааяахан гурван мярайлаг хүүгийн дуугаар “Ижийгээ гомдоох учиргүй” хэмээн сургамжилна. Ингээд бодохоор дуу бүхэн эмээтэй минь холбоотой, эмээ минь дуу бүхэнтэй садан байж дээ. Үрийн үр намайг аялгуут сайхан дуугаараа бүүвэйлэн аргадаж өсгөсөн гэдэг. Тиймээс би дуу сонсохоор эмээгээ дурсаж, эмээгээ санахаараа дуулж л суух юм даа.
Миний эмээ монгол хэлний багш. Завхан аймгийн Дөрвөлжин суманд 30 гаруй жил багшлахдаа олон жил пионерийн удирдагч хийж, хүмүүсийг дагуулан хүмүүжүүлэх авьяастай, чадвартай хүн байсан юм. “Чимэдцогцол багш биднийг дуу хөгжмөөр ёстой нэг амьсгалууж байсан юм. Хичээлийн завсарслагаар хөгжим тавьж биднийг дуулж, бүжиглүүлнэ. Бид ч их дуртай. Энэ байдалд дургүйцсэн сургуулийн захиргаа сар шахам зогсоосон ч дахиад л сэргэсэн. Үймж шуугиж байснаас дуулж хуурдах сайхан шүү дээ...” гэж шавь нар нь ярих дуртай.
Эмээ тэтгэвэрт гарснаас хойш өвөөгийнх Завхан голын урд дэнж дээр З жил мал малласан юм. Тэр үед хавийн хүүхэд залуучууд голын хүйтэн ус туулан байж өвөөгийн гадаа очиж дуу хөгжим сонсож, бүжиглэж цэнгэлдэнэ. Би 1-р ангид ордог жилээ эмээгээрээ вальс бүжиг заалгаж билээ. Нэг хөгжилтэй явдал санаад тодхон. Нэг өдөр хавийн хүүхэд багачуул өвөөгийн гадаа дуулж, бүжиглэж байгаад малаа нийлүүлж сүйд болж билээ. Хөдөөгийн эгэл айлд юун хөгжим энэ тэр байх билээ гэж гайхаж байна уу? Эмээгийн дүү Орос улсад сурч байхдаа хөгжим, бас өч төчнөөн хит дууны хуурцаг авчирсан байсан юм. Өвөөгийн маань гэр тэр л гол усныхаа “соёлын төв” нь байж дээ.
Би ийм л хөдөөд урлаг, соёл түгээн дэлгэрүүлэгч эмээтэй байсан хүн дээ. Энэ миний, бидний бахархал. Ураг удмын модны маань нэгэн хөгжимлөг мөчир нь бурхан эмээ минь та байжээ.
Эмээ багш болоод ч тэр үү их зарчимч, цэвэрч нямбай. Одоо бодохнээ муу зээ охин нь их мунхаг байжээ. Суварган тахилт бурхан эмээ таныгаа бурууг минь зөвтгөж, хазайсыг минь тэгшитгэж байхад тань үглэлээ, яншлаа гээд уурлаж байсандаа өршөөл эрье...
Таныгаа дэргэдээ байхгүй болохоор үгүйлэн санаж, яршигтай залхмаар гэж боддог бүхэн амьдралын амин чухал зүйл болохыг одоо л ухаарч сууна, мунхаг үр нь. Дуугаар үр хүүхэд биднийгээ хүмүүжүүлэх гэж өөрөө аялгуулан дуулдаг байж дээ. “Ардын дууны аялгуу нь аргадаж, үг нь ухааруулдаг” гэх сайхан үгийг санаж, ардын дуугаа дуулж яваарай...” гэдэг байж билээ, та. Таны минь инээмсэглэл их зөөлөн, одоо ч нүдэнд минь харагдах шиг. Хавар хаврын урт амралтаараа тань дээр очих бүр хоёулаа ном, сонин гарчиглан уншиж суухдаа,
“Яргуй нүдлэх цагаар таньдаа л очих гэж яардагсан
Ялдам зантай ижийдээ үнсүүлж нялхраад буцдагсан
Дэндүү давчуу орчлонд өтлөөд буцахыг тань мэдсэн бол
Дээлээ тайлаад өгөхөд тань дэрлээд унтах минь ч яав даа
Санчиг нь бууралгүй ижий минь
Сэтгэлд мөнхрөн үлдэж дээ...” гээд л дуулдаг байсан минь санагдаж, өөрийн эрхгүй самсай шархиран, мэлмийд минь таны сүүн дусал хурна. Хамгийн сүүлд хэзээ хамт дуулснаа санах гээд оролдовч үл дурсагдах юм. Төгсгөлөө үл хайхран та минь хүний хүүг хүртэл өөрийн үр шигээ хайрлахдаа ухааны гараа сунгаж, хайрын халуун дуун цайгаараа дайлдаг байж билээ.
Бурхан буурал эмээ минь та одоо сэтгэлд минь л мөнхрөн үлдэж дээ. Таныхаа гэгээн уламжлалыг зээ охин нь дурсан залгамжлах болно. Үгээр хэлж үзгээр сийлшгүй эрхэм дээд нандин шүтээн минь бурханы орондоо амгалан залрах болтугай. Таныгаа мөнхийн орон зай руу үдсэн ... хоног дээр ийн дурсан бичив.

No comments:

Post a Comment