Powered By Blogger

Friday, May 18, 2012

Итгэл, сэтгэл оюунаараа нэгдэцгээе


Зоос хоёр талтай.
Түүнийг агаарт шидэхэд сүлд эсвэл тоогоор буудаг.
Гэсэн ч энэ зоос хэдэн ч талтай байж болно. Гурав, дөрөв, тав бүр цаашлаад арав, магадгүй зуун ч талтай байж болох юм.
Энэ олон талын учир нь гэвэл. Энгийн урсгалаараа амьдрах хэн бүхний нүдэнд, зөвхөн сүлд, тоогоор л харагдана.
Харин бүтээлч сэтгэхүйтэй, түүнийгээ хөгжүүлэх сэтгэл зүрхтэй, үргэлж ирээдүй өөд тэмүүлэх тэмүүлэлтэй хэн бүхний нүдэнд зоос хэд л бол хэдэн талтай харагдана.
Үзэгдэнэ, бодогдоно...
Бас тэмтрэгдэнэ...

Өндөг шиг л болчих хэрэгтэй юм шиг...

Би өндөг идэх дуртай.
Идэх идэхдээ чанаж биш шарж идэх дуртай.
Өндөг маш олон амин дэм агуулдаг. Бүр, хүн өдөрт нэгийг идвэл эрүүл мэндэд тустай ч гэдэг.
Гаднаасаа ихэвчлэн цагаан өнгөтэй, зарим нь шар өнгөтэй харагддаг. Тэр өнгө бүрийн цаана нэг л амт байдаг. Харин идэхдээ яаж болгож хэрэглэж байгаагаас амт нь өөр өөр.
Тэр ч байтугай түүхий өндөгний доторх шараар нь үс болон арьсандаа тэжээл өгдөг гээч.
Гэсэн ч хүмүүс аливаа алдаа мадаг гаргадаггүй, их сайн гэсэн хүнээ өндөг шиг өөгүй хүн гэж тодотгодог.
Учир нь өндөг гаднаасаа гөлгөр, гөлчгөр их л гоё цэвэрхэн. Харин гадны ямар нэгэн нөлөөнөөс болж өндөг энэ чанараа алддаг. Ялангуяа, түүний эзэн хэрэгчдийн нөлөөнөөс.
Үүний адил аливаа байгууллага, компанийн үйл ажиллагаа өндөг шиг өөгүй байх уу?, аль эсвэл сайн уу?, бүр агуу байх эсэх нь тэдний удирдагчдаас шалтгаалдаг гэж Жим Колленз “Сайнаас аагууд дэвшихүй” номондоо хэд хэдэн удаагийн давтамжтай судалгаанаасаа дүгнэсэн байдаг.
Өндөг хэзээ ч өөрийгөө би өөгүй, гоё гэж хэлдэггүй.
Яаж хэлэх юм бэ? Гэж та бодож магадгүй.
Учир нь энэ төсөөлөл гэдгийг мартуузай.
Үүний адил тэр агууд хүрсэн удирдагчид хэзээ ч өөрсдийгөө агуу гэдгээ зарладаггүй. Бүр ч эсрэгээрээ нуудаг. Тэдний чадвар, мэдлэг, давуу тал бүгд тэр цагаан, шар хальсан дотор л нуугдаж байдаг.
Хагалахаас нааш ил гарч ирэхгүй. Гагцхүү хагарахдаа хатуу.
Яг одоо миний өмнө нэг ширхэг цагаан өндөг байна л даа.
Дүмбийчээд л, нэг л чимээгүй тайван бас их цэвэрхэн. Магадгүй дээд зэрэглэлийн ёс зүйтэй нэгэн дүмбийгээд суугаад байх шиг.
Нэг бол хорон санаатай, дотроо бүхнээ нуусан баг зүүсэн нэгэн ч юм шиг. Бүр айх шиг...
Тийм ээ, дэлхийн хэмжээнд хавтгайрч үйл ажиллагаагаа явуулж буй компаниудын агуу удирдагчдаас тэдний өрсөлдөгчид, тодруулбал хараахан агуу гэх категорыг биетжүүлж чадаагүй сайн удирдагчид энэ л мэдрэмжийг мэдэрдэг байх.
Тэгэхээр хүн амьдралдаа хаана ч, хэзээ ч, хэнтэй ч бай хүнийхээ хувьд төдийгүй эрхэлж буй ажил төрлийнхөө хувьд өндөг шиг л болчих хэрэгтэй юм шиг.
Тийм ээ, би өндөг идэх дуртай.
Гэхдээ, яг өндөг биш, зүгээр л өндөг шиг л болчих юм сан.
Харин та, болмооргүй байна уу?

Зүүрмэглэх зуур


Заримдаа сайн байна уу? гэж тэр мишээнэ. Нэг бол хэнд ч хамаагүй юм шиг дүүлэх агаад түүнтэй учирмагц  л ганцаардлын үнэр сэвхийх шиг санагдана. Бас бодогдоно. Баримжаагүй, барьж боломгүй, тэвэрч, бас атгаж чадалгүй чамайг оюун бодлоосоо алдана.
Ганц л амьдрах амьдралын минь хором бүр ямар нандин бас чухлыг тэр л мэдрүүлж , сэтгэлд минь луужин болох тэр эрхэм гэгээн бас буцлам нэгэн.
Энэ ертөнцийн түүнийг мэдэрч бас үзэж харах хэн ч бай “Улаан нүдэн” түүний минь хайр энэрэлийг амсаж буй нь сайхан ч хааяа хардмаар.
Өөрийн тэрхэн орчны эвдүүхэн анирыг түр умартах агшинд зурвасхан нойрсоог минь үргээж, гэнэхэн тайтгаралыг эвдэн хэн нэгэн дулаахнаар тэврэх шиг болохуйяа...
Мэлмийд минь тэр биш түүний илч дулаан, хайрын туяа л үзэгдэнэ, бас тэмтрэгдэнэ.
Харин бие минь үтэрхэн хугацаанд бус үүрдийн нойрноосоо зуурдхан сэрсэн үлгэрийн Гүнж адил амар амгаланг сая л мэдрэх шиг.
Магад түүний илбэдсэн хайрын илч, сэтгэлийн дулаан нь энэ мэдрэмж буй за. Тиймээ чиний  тусын тулд яг одоо би аз жаргалтай байна.  




“Соронз”-ынхоон цэвэрлэгээндээ!!!

Сүүлийн жилүүдэд Монголын сэтгүүлзүйд шар мэдээллийн хэвлэлүүд ихээр орж ирэх болж. Жишээ нь: Соронз, Хот ньюс, Масс, Гранд гэх мэт.
Тохиолдлоор эгчийнд маань тэдний нэг “Соронз” сэтгүүлийн нэг жилийн ойн дугаар болох 2010 оны 12 дугаар сарын дугаараас эхлэн 2012 оны 03 дугаар сар хүртэлх бүх дугаар байлаа. 
Эмэгтэй л хүн болсон хойно эд гоёлыг шохоорхон, хэн юу юу хэрэглэж буйг нь шимтэн уншиж Соронзынхны нийтлэлийн бодлогод нь ёстой л нэг уусаж байх юм.
Унших тусам сэтгүүлчдийнх нь хэл ам нь гүйцэгдэхээ больж юу юугүй эдийн шуналд автагдахнээ. Гучин хуудас хэвлэлийн 16 нүүр нь реклам. Хувийн өмчийн, арилжааны зориулалтай юм хэмээн үл ойшоох ч мэргэжлийн үүднээс чадан ядан ажваас ихэнх бичвэр нь үнэхээр ядуу санагдсан юм. Ийнхүү хэд хэдэн мэдээнд тус салбарын оюутны үүднээс анализ хийж үзлээ.
2012 оны 03 дугаар сарын дугаар №51
15 дугаар хуудас-Сайд аа, таны хэлсэн талх хэзээ хүмүүсийн гар дээр очих вэ?
“Сангийн яамны дэд сайд Ч.Ганхуяг оны өмнөхөн талхны үнийг 300-н төгрөг хэмээн “том тэнэгтэн” олон хүний эгдүүцлийг хүргэсэн. Үүнийг нь талхны үнэ мэддэггүйдээ биш харин хүмүүсийн анхаарлын төвд орох гэсэн зохион байгуулалттай үйлдэл гэж олон хүмүүс үзэж байгаа. Мэдээж талхыг хүмүүс өдөр бүр иддэг болохоор энэ хэрэгцээн дээр нь бяцхан тоглолт хийсэн нь хүн болгоны сонорт хүрч ингэж “тэнэгтсэн” хүний “гэгээн төрхийг нь” харах гэсэн хүмүүсийн тоо ч огцом өссөн. Түүнийг ирэх сонгуульд хүч үзэх нь гэсэн хүмүүсийн таамаг ч биелэлээ олов. Нийслэлд нэр дэвших нь тодорхой болсноор эрхэм сайдын 300-н төгрөгний талхны нууц тайлагдсан гэхэд хилсдэхгүй. Ч.Ганхуяг өмнөх сонгуульд талх, компьютер гэж ярьсаар байгаад илт ялалт байгуулж, эрхэм 76-ын нэг болсон нь

Ч.Сайхан-билэг “агаагынхаа” хойчийг залгамжлахаар “талхны түүх” зохиосон бололтой. Түүнийгээ сонгууль дөхөхөөр хялбархан баллуурдчихна гэж бодсон ч эндүүрчээ. “Урт хэл хүзүү орооно” гэгчээр өөрийгөө улам л байдалд хийж буйг хараад хүмүүсийн “хөх инээд”-ийг нь улам хүргэв. Өөрийгөө талх иддэггүй хэмээж Монголд 250-3000-н төгрөгийн талх байдаг гэхчлэн нэлээд далайцтай судалгаа хийжээ. “Таны хэлсэн 300-н төгрөгний талх ямар талх вэ? Гэсэн сэтгүүлчийн асуултад хээв нэг дөрвөлжин жижиг тал байгаа, 250-н төгрөгний талх байхгүй шүү гэхэд-Байгаа жижигхэн булочка байгаа” хэмээн “зууны онигоо”-ны оронд “талх судлаач” гуншинтай болохоо шахсан байх юм. “Ичсэн хүн хүн ална” гэгчээр эрхэм сайдын буянаар 300-н төгрөгийн талх тариад ч ирэх юм билүү хэн мэдлээ.”
?-Том тэнэгтэн, Ингэж тэнэгтсэн түүний гэгээн төрхийг  нь харах гэх мэт ямар нэгэн өшөө хорсол тээсэн ч юм уу, хэн нэгний захиалга ч юм уу өөрийн үзэл бодлоо ёс зүйгүйгээр хэт дөвийлгөж. Ч.Сайханбилэг агаагынхаа, Хөх инээдийг нь улам хүргэв гэх мэт ярианы хэллэгийг ихээр ашиглаж. Уг нь бол сэтгүүл, сонины бүхий л бичвэр бичгийн хэл дээр байх ёстой гэдэг.
16 дугаар хуудас-Цагаан гартнуудын Цамаан зан!
“Их хотын соёл гэж юу юм бэ? “Наад зах нь хажуу хавиргандаа гай болохгүй, хаа таарсан газраа хог хаяхгүй байхаас эхэлнэ” гэж хэн ч билээ нэг эрхэм хэлсэн байдаг. Тэгвэл өөрсдийгөө хотынх, тэр байтугай 40,50-н мянгатынхан гэж онцгойрдог хэнээтнүүд бас байна. “Бид нар Битлиз сонсдог, унаган Орос хэлтэй, ууж идэх сурсан...” гэж гайхуулдаг, юм л бол оюунлаг гэж ярих дуртай эрхмүүд олон байдаг. Ухаандаа тэд Монголын анхны орон сууцны хороолол болох 40,50-н мянгатад амьдарч, хойд хөршид сурмаар аядан, Орос хэлээр хальт ярьдаг болсноороо өөрсдийгөө элит гэж боддог. Түүхэнд үлдэх хулигаан, атамануудаараа алдартай 40,50-н мянгатаас энэ мэт хэнээрхдэг эрхмүүд зохиогч Б.Долгион, Санжийн Баяр, тэргүүтнүүд жинхэнэ “цагаан гартнууд” бол тэд. Яг үнэндээ жалга довны үзлийг хамгийн их гаргадаг эдгээр эрхмүүд сигар татаж, эрээн алчуур хүзүүндээ зүүснээр хотын соёлыг тодорхойлж, нүдний шилнийхээ үнийг ярьсаар бусдаас ялгарчихдаг гэсэн өрөвдмөөр үзэлтэй. Тийм л элитээрээ онцгойрох гэсэн юм бол MCS-н Ж.Оджаргал шиг, өөр бусад шигээ бүтээж босгох нь яасан юм.

Урлагынхан дотроо ялгаварлах үзлийг тахал шиг тарааж, улс төрийг бусниулж самарснаас өөр юу байна. Өнгөрсөн жилүүдэд хайрт “Битлз”-ийнхээ хөшөөг босгож, “40-н мянгатын атаманууд” ном гарснаас юу хийсэн юм бэ. Уг нь 40-н мянгатынхан Монголдоо л соёлын довтолгоонд өртсөн анхдагчид нь хэрнээ өнөөдөр хамгийн хоцрогдогчид нь болж хувирсан гэлтэй. Э.Бат-Үүлийн хувьд бас ч гэж “хал үзэж, хашир суусан толгой” гэсэндээ дуудах нэр, дуурсах алдартай нэгэн. Он жилийн эрхээр 40н мянгатын байшингууд, тэнд амьдардаг байсан “пацаанууд” ч өтөлж хөгширсөн, шинэ залуу үе ирсэн гэдгийг санаж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү ах нараа!
?-Эндээс “Ухаандаа тэд Монголын анхны орон сууцны хороолол болох 40,50-н мянгатад амьдарч, хойд хөршид сурмаар аядан, орос хэлээр хальт ярьдаг болсноороо өөрсдийгөө элит гэж боддог.” гэсэн өгүүлбэрийг л авч үзэхэд тэнд амьдардаг хүмүүс бүгд хойд хөршид дөнгөн данган сураагүй л бололтой бас орос хэлээр хальт ярьдаг гэх юм. Түүнчлэн тэд бүгдийг бодлыг тааж ямар ч үндэслэлгүй өөрийн бодлоо ёстой л нэг шулуухан буулгасан байх юм. 
Үнэнч шударга байх нь мэргэжлийн сэтгүүлчийн үүрэг, үнэний төлөө зүтгэх нь мэргэжлийн сэтгүүлчийн зорилго гэдэг. Тэгэхээр уг сэтгүүлд мэргэжлийн сэтгүүлч хэд байгаа бол хэмээн эргэлзээ төрхөд хүргэж буйг нуух юун.
Тус сэтгүүлийн энэ дугаарын “Бид ч бас бүсгүйчүүдээс тутахгүй” гэх нүүрт “...Номинталст-ын Д.Батсүхийн 1500 долларын Hermis-ын тэлээ, Жигүүр грандын Д.Баттөрийн 1000 долларын костюм хослол, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн 285 долларын Burburry брэндийн малгай...” гэх мэт эмэгтэйчүүдийн эдлэлийн үнэ өртгийг цохон зарладаг байсан бас эрчүүдийг гоёлоор нь уралдуулах болжээ. Дан эд материал өмсөж зүүсэн бүхнээр нь үл зогсон амьдардаг байр орон сууцын үнэ өртгийг нь олон нийт уншигчдад сурталчлах юм.


Хэл найруулга, хэвлэл мэдээллийн үүрэг зарчмын биелэлт хомс, нөгөөтэйгүүр тус сэтгүүлийн эрхлэгч М.Туяа, ерөнхий редактор Т.Монголзаяа тэргүүтэй сэтгүүлчдийн ёс зүй хаана явна гэлтэй.
Уг сэтгүүлийн хамгийн сүүлийн дугаарыг чадан ядан шүүхэд сэтгүүлчийн ёс зүйн алдаа болох бусдын өмнөөс ярих, хов живийг эх сурвалжаа болгон доромжилж хочлон, үзэл бодлоо тусгаж мөн мэдээллийн тэнцвэрт байдлыг алдагдуулан, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан хувийн тооцоо хийх гэх мэт алдаа бүгд байх юм.
Тус сэтгүүлээ үл зогсон Соронз тэргүүтэй хэвлэл мэдээллийн үүргээ үл биелүүлэх мэдээллийн чанарын шаардлага дутмаг хэвлэлүүд олширсоор байна.
Соронзыг Монголын номер нэг сэтгүүл гэж хэн өргөмжилснийг нь үл мэдэх ч эд бүгдэд хяналт тавих цаг нэгэнт иржээ.
Эс тэгвээс Монголын ард түмэн нөгөөтэйгүүр олон нийтэд баян хоосны ялгаа газар авч тэдний сэтгэлгээнд оюунлаг бус эд материал мөнгөний, шулуухан хэлбэл шуналын гэрэл асахнээ.
Эрхэм сэтгүүлчдээ, Соронзынхоон оюунлаг бичвэртээ цэвэрлэгээ хийх цаг нэгэнтээ иржээ.

Tuesday, May 15, 2012

гэрэл сүүдэр

 
Нүгэл буянаа нуух гэж
Нүүрээ би өдөр болгон буддаг

Болчимгүй хайрын үнсэлтээ нуух гэж  
Уруулаа би буддаг
Бороонд норсон сэтгэлээ нуух гэж 
Ухаанаа би буддаг 
Гуниг хурсан дурсамжаа нуух гэж
Нүдээ би буддаг 
Гандаж гудайсан хайраа нуух гэж 
Хацраа би өнгөлдөг   
Нүгэл буянаа нуух гэж
Нүүрээ би өдөр болгон буддаг.

Гомдол нэхээгүй зүрхнээс минь дусах Ганцаардлын дусал нулимсууддаа би хайртай.

НаС /би бодлоо л доо/

Би...
Бие сэтгэлийнхээ гүнд хайрлан бурхан мэт шүтэж явдаг нэгэн шүтээнээ тэр бурхан гэх эргэлтгүй хэний ч үл мэдэх ертөнц рүү үдлээ.
Саяхан,
Итгэхийг хүсээгүй ч итгэхээс аргагүй амьдралын хатуу бичигдээгүй новшийн хууль нь биелэлэээ олсон. Мэдээж хэн ч баярлаагүй. Яаж баярлах юм. Ааа тийн чөтгөр, буг магад...
Галзуурмаарррр хурдан юм.
Юу гэдгийг нь та мэдэж байх ёстой.
Ер нь энэ амьдрал гэх хаанчлалын цаг хугацаанд нэг дарлагдана, үнэнд нэг дарлагдана бас тэгээд болоогүй ээ хараал идсэн ертөнцийн гурав нь ёсчилж нас түүний эцэслэлд нэг сөгдөнө.
Нас....
Нас...
Нассссс...
Зүгээр л тоо ш дээ. Тиймээ энэ тоо бол хий хоосон, адгийн амьдралд "би байна уу" гэдгээ л мэдэх эсэх хулчгар төрлөхтний үхлээс айх тайтгарал.  Тиймээс би нас чамайг үл хайхран зөвхөн өөрийн зоргоороо ганцхан удаа эрүүл аж төрөөд тэр мэдэхгүй ертөнц ч юм уу, тоос ч юм уу үл мэдэх оршихуйд согтоод дараа нь ухаан адлан сэтгэл амар морилохыг хүсч байна. Нас чамайг мартаад...

Жим замын тухай Жирсхэн бодол минь

Зохиолч Т.Галсан гуай
Би би гэж сайрхуут
Зам минь Жим болж нарийсав
Бид бид гэж бахархуут
Жим маань Дардан болж уужрав
хэмээсэн билээ. Тиймээ харгуй дардам замууд бидний амьдралд үнэхээр чухал юм. Зам үнэхээр олон янз. Тэр дундаа амьдралын зам бартаа ихтэй. Үүнтэй хэнч маргашгүй. Энэ удаа би замын нэгэн төрөл болох жим түүний бидний амьдралд хэр ойр байдаг талаар багахан мэдлэгээсээ хуваалцахаар ийн бичиж сууна. Би суурин газар төрсөн ч хөдөө нутагт өссөн нэгэн.  Миний өссөн нутаг бол Завхан аймгийн Дөрвөлжин сум. Байгалийн сайхныг уушиглан, аргал хомоолын үнэрээр цээж дүүрэн амьсгалж, говийн бүлээн элсэн дээр хөл нүцгэн гүйж ёстой л нөгөө шороо идэж өссөн дөө. Нутагт минь олон сүндэр уулс бий. Манай өвөөгийн өвөлжөө бол та бидний сайн мэдэх Вансэмбэрүү гэдэг киноон дээр гардаг Бууралын цагаан овооны хажууханд нь байдаг өндөр саарал уул бий. Тэр уулын дөрвөн талд дөрвөн айлын өвөлжөө байдаг юм. Тэдгээр ууланд өвөөгийн минь ах дүүс өвөлжинө. Өдөр бүр л уулсаа энгэрлэн явган нь явган, морь тэмээтэй нь эрдэнэт малаа хөлөглөөд л нэг нэгнийгээ нэг хэсч өгнө шүү дээ. Тэр үед би бага ангийн сурагч байсан ба ойролцоо насныхаа жаалуудтай даарахыг үл ажран явгалдаг байлаа. Ийнхүү бид явсаар байгаад өвөөгийн өвөлжөөний хоёр талаар жим гаргасан байлаа. Одоо бодохнээ өвөө маань л жимээр яв, жимээр өгсөж байна гэгчлэн ярьсаар л бид жим гэж юу болох учрыг нь сайн ойлгоогүй байж жим гэж ийм юм гэдгийг аль хэдийнээ бүрэн бусаар ой тойндоо тусгасан байж. Жим бол уулын нарийхан зам юм. Энэ мэтчилэн жим бидний амьдрал олонтаа тохиож таардаг. Мэдээж суурин газраас хөдөө нутагыг зорьж мөн байгалийн сайханд аялах тэр үед болов олонтаа. Жишээ нь Бат овогтой Жамбалсүрэнгийн Золбаяр буюу бидний дэлхийд монгол бадарчин Амай гэх нэрээрээ алдаршиж буй түүний Монтенегро улсруу хойд зүгээс Босниа Хэрзэговиний хилээр орж зүүн зүг Серби руу буцаж байхдаа Монтенегро улсад сар хагас саатсан хэмээн тэмдэглэлд жимийн талаар дурьдагдсан байдаг. Балканы дайн хуучны хүчирхэг Югослав улсыг задлах үед Серби, Монтенегро хоёр хамтдаа байсан бөгөөд ноднин Монтенегро салан бие даасан улс болсон юм. Тэрээр “би байгалийн сайхныг бишрэн сониучилж явж байхдаа тэндхийн нэгэн уулын хавцлаар явж байсан дүрслэл үнэхээр үзэсгэлэнтэй байсан ба уулын хаяагаар нарийхан зам буюу жим гаргасан бөгөөд хоёр талаар тэнгэр тулсан ойт уулс, харин замаас доошоо гүн хавцал тэгээд ёроолд нь уулын гол болох ТИТО гол байсан” хэмээн хэзээ цэг тавих нь үл мэдэх урт аялалынхаа тэмдэглэлдээ бичсэн юм.
Тиймээ жим анчид болон аялагчидад олонтаа таарч алсын зайн бартааг нь сааруулж өгдөг ач холбогдолтой юм. Бидний сайн мэдэх Гарьд Магнай, Сэрэлт, Баянбулагынхан гэх мэт монголын уран сайхны олон киноонд жим гардаг. Магад бидний амьдралын замд ч жим зам оршин байгаа санагднам. Таны амьдралын алтан шар зам өлзийтэй байх болтугай.

Виктор Хюго- "Инээмтгий хүн" 5-р дэвтэрт зурваслагдан бас миний сэтгэлд хадгалагдсан нэгэн мөрт.

...Далай, хувь тавилан хоёр нэг л сэвэлзүүр салхинд долгилно...

"Би яах вэ?" бичсэн яруу найрагч Лу.Батсайхан.

Хөглөрсөн навчис хөл орооно
Би яах вэ?.
Энэ уйг хөлөөрөө сандчаан
Эрхмүүд тааллаараа алхана.
Зогсоо моддын нулимас тэр
Заадаст тэнгэрийн одод тэр.
Заамнаас ундрах нулимсаа тоолж
Хүн төрлөхтөнд хундага барина.
Хуншгүй зангаар
Тэд дэвслэнэ.
Өр зүрхийг нь өмлөн цөмлөн гишгэнэ.
Өөдөсхөн биеийг нь өчнөөн хувааж өрөмдөнө.
Энэ их гунигийг ээ!
Би яах вэ?
Анхны цас чи л нулимсаараа бүүвэйл
Амилсан навчис аяндаа тайтгарна.
Өөр хэн ч, юу ч үл...

Бурхан буурайдаа өргөсөн эрхэн сэтгэлийн хэлхээ.

Дуугаар ухааруулж өсгөсөн миний эмээ...
Ээжийн минь ээж
Эмгэн буурал ээж минь
Үрийн минь үр гэж
Үлтэрч элтэрч явна уу даа
Нар болсон хайраараа
Намайгаа гийгүүлсэн
Наслан жаргахын буянтай
Настан буурал эмээ минь... Тиймээ, энэ дуу Сандуйжавын шүлгээр төрж, Чулуунхүүгийн аяар торниж, хүн бүрийн зүрхэнд эгшиглэсээр буй гайхалтай сор бүтээлийн нэг төдийгүй, дуутай хууртай хорвоод настан буурал эмээ нарыг магтан дуулсан уянга эгшгийн нэгэн эрхэн хэлхээ билээ.
Эмээ минь мөнх бус хорвоод байх хугацаандаа ая дууны ертөнцөд амьдарч, уянга эгшгээр амьсгалж байж дээ. Миний эмээ ардын дууны сайхан бүсгүй Сүнжидмаа, Дүүриймаа, Эгиймаа нарыг дурсан хөөрч, Чулуунхүүгийн “Ээжийн бор аяга” -нд Жавхлангийн “Ээжийн чанасан цай”-г дүүргэн дүүргэн дуулж суудагсан. Хааяахан гурван мярайлаг хүүгийн дуугаар “Ижийгээ гомдоох учиргүй” хэмээн сургамжилна. Ингээд бодохоор дуу бүхэн эмээтэй минь холбоотой, эмээ минь дуу бүхэнтэй садан байж дээ. Үрийн үр намайг аялгуут сайхан дуугаараа бүүвэйлэн аргадаж өсгөсөн гэдэг. Тиймээс би дуу сонсохоор эмээгээ дурсаж, эмээгээ санахаараа дуулж л суух юм даа.
Миний эмээ монгол хэлний багш. Завхан аймгийн Дөрвөлжин суманд 30 гаруй жил багшлахдаа олон жил пионерийн удирдагч хийж, хүмүүсийг дагуулан хүмүүжүүлэх авьяастай, чадвартай хүн байсан юм. “Чимэдцогцол багш биднийг дуу хөгжмөөр ёстой нэг амьсгалууж байсан юм. Хичээлийн завсарслагаар хөгжим тавьж биднийг дуулж, бүжиглүүлнэ. Бид ч их дуртай. Энэ байдалд дургүйцсэн сургуулийн захиргаа сар шахам зогсоосон ч дахиад л сэргэсэн. Үймж шуугиж байснаас дуулж хуурдах сайхан шүү дээ...” гэж шавь нар нь ярих дуртай.
Эмээ тэтгэвэрт гарснаас хойш өвөөгийнх Завхан голын урд дэнж дээр З жил мал малласан юм. Тэр үед хавийн хүүхэд залуучууд голын хүйтэн ус туулан байж өвөөгийн гадаа очиж дуу хөгжим сонсож, бүжиглэж цэнгэлдэнэ. Би 1-р ангид ордог жилээ эмээгээрээ вальс бүжиг заалгаж билээ. Нэг хөгжилтэй явдал санаад тодхон. Нэг өдөр хавийн хүүхэд багачуул өвөөгийн гадаа дуулж, бүжиглэж байгаад малаа нийлүүлж сүйд болж билээ. Хөдөөгийн эгэл айлд юун хөгжим энэ тэр байх билээ гэж гайхаж байна уу? Эмээгийн дүү Орос улсад сурч байхдаа хөгжим, бас өч төчнөөн хит дууны хуурцаг авчирсан байсан юм. Өвөөгийн маань гэр тэр л гол усныхаа “соёлын төв” нь байж дээ.
Би ийм л хөдөөд урлаг, соёл түгээн дэлгэрүүлэгч эмээтэй байсан хүн дээ. Энэ миний, бидний бахархал. Ураг удмын модны маань нэгэн хөгжимлөг мөчир нь бурхан эмээ минь та байжээ.
Эмээ багш болоод ч тэр үү их зарчимч, цэвэрч нямбай. Одоо бодохнээ муу зээ охин нь их мунхаг байжээ. Суварган тахилт бурхан эмээ таныгаа бурууг минь зөвтгөж, хазайсыг минь тэгшитгэж байхад тань үглэлээ, яншлаа гээд уурлаж байсандаа өршөөл эрье...
Таныгаа дэргэдээ байхгүй болохоор үгүйлэн санаж, яршигтай залхмаар гэж боддог бүхэн амьдралын амин чухал зүйл болохыг одоо л ухаарч сууна, мунхаг үр нь. Дуугаар үр хүүхэд биднийгээ хүмүүжүүлэх гэж өөрөө аялгуулан дуулдаг байж дээ. “Ардын дууны аялгуу нь аргадаж, үг нь ухааруулдаг” гэх сайхан үгийг санаж, ардын дуугаа дуулж яваарай...” гэдэг байж билээ, та. Таны минь инээмсэглэл их зөөлөн, одоо ч нүдэнд минь харагдах шиг. Хавар хаврын урт амралтаараа тань дээр очих бүр хоёулаа ном, сонин гарчиглан уншиж суухдаа,
“Яргуй нүдлэх цагаар таньдаа л очих гэж яардагсан
Ялдам зантай ижийдээ үнсүүлж нялхраад буцдагсан
Дэндүү давчуу орчлонд өтлөөд буцахыг тань мэдсэн бол
Дээлээ тайлаад өгөхөд тань дэрлээд унтах минь ч яав даа
Санчиг нь бууралгүй ижий минь
Сэтгэлд мөнхрөн үлдэж дээ...” гээд л дуулдаг байсан минь санагдаж, өөрийн эрхгүй самсай шархиран, мэлмийд минь таны сүүн дусал хурна. Хамгийн сүүлд хэзээ хамт дуулснаа санах гээд оролдовч үл дурсагдах юм. Төгсгөлөө үл хайхран та минь хүний хүүг хүртэл өөрийн үр шигээ хайрлахдаа ухааны гараа сунгаж, хайрын халуун дуун цайгаараа дайлдаг байж билээ.
Бурхан буурал эмээ минь та одоо сэтгэлд минь л мөнхрөн үлдэж дээ. Таныхаа гэгээн уламжлалыг зээ охин нь дурсан залгамжлах болно. Үгээр хэлж үзгээр сийлшгүй эрхэм дээд нандин шүтээн минь бурханы орондоо амгалан залрах болтугай. Таныгаа мөнхийн орон зай руу үдсэн ... хоног дээр ийн дурсан бичив.