Powered By Blogger

Wednesday, April 29, 2015

Бизнесээ эрүүлжүүлэх эхний алхам
Даншари. Энэ үг Японд их дэлгэрчээ. Угтаа бол нүүдэлчин монголчуудын билиг ухаанаас үүдэлтэй аж. Энэ нь илүүд шунахгүй, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх гэдэгтэй утга нэг юм. Даншари гэдэг нь “урьд өмнө нь цуглуулсан гэр доторх болон өөрийн эргэн тойронд байгаа хэрэггүй зүйлсийг хаяснаар бие сэтгэлээ хөнгөрүүлэх” гэсэн утга агуулдаг. “Дан” гэдэг нь өөрт хэрэггүй зүйлээс татгалзах, “Шя” гэдэг нь гэрт буй хэрэггүй зүйлсийг хаях. Тэгээд “дан”, “шя” хоёрыг байнга хэрэгжүүлсний үр дүнд “Ри” буюу эд зүйлст шунах сэтгэлээс ангижирч, “Би”-д хүрэх явдал юм. Бизнес дэх Даншари гэдэг нь хэрэгцээгүй бизнесийг орхиж, дараагийн эрүүл бизнесийг хөгжүүлэх орчныг бий болгох явдал. Даншари нь дотроо олон төрөлтэй. Бид энэ удаа Даншари гэж юу болох, үүнийг бизнестээ хэрхэн нэвтрүүлж болох, мөн нэвтрүүлэх шаардлага танд бий эсэхээ тодорхойлж болох Даншари сонжоог хүргэж байна. Харин дараагийн дугаартаа урагшаа болон ухраа Даншари гэж юу болох, эдгээрийг хэрэгжүүлэх шаардлагын талаарх сонирхолтой зөвлөгөөг хүргэх болно.
ДАНШАРИ СОНЖОО
“Даншарийг зөвлөх нь” номын зохиогч Кавабата Нобүко саны бизнестэй холбоотой сонжоог бэлтгэлээ. Уншигч, бизнес эрхлэгч та доорх асуултуудад хариулж чадахгүй бол Даншари явуулах тухай нухацтай бодож үзэх хэрэгтэй.
1.      Орохыг хүсч байгаа, эсвэл үлдээхийг хүсч байгаа үйл ажиллагааны тань бизнес төлөвлөгөө бодит үндэслэлтэй болж уу? Хэнд ч гэсэн итгэл төрүүлэх өгөгдлүүд болон хүлээлтэд суурилсан байна уу?
Өнгөц харахад тоо нь бодитой мэт боловч урьдач нөхцөл болоод хуумгай хүлээлт дээр суурилсан байвал тухайн тоо бодитой байж чадахгүй.
2.      Орохыг хүсч байгаа бизнес, үлдээхийг хүсч байгаа бизнес чинь санхүүгийн эрүүл байдлыг (ROA, ROE) нэмэгдүүлж, бэлэн мөнгө буюу кэш фло-г бий болгоход хувь нэмрээ оруулах уу?
Компанийн үнэ цэнийг бууруулах үйл ажиллагааг дунд, урт хугацаанд үргэлжлүүлэх нь хэн бүхний хувьд ашиггүй. Хэсэг хугацаанд бол ч яахав. Дунд урт хугацаанд компанийн үнэ цэнийг заавал нэмэгдүүлэх үйл ажиллагаа биш бол түүнийг үргэжлүүлэх утгагүй.
3.      Орохыг хүсч байгаа бизнес, үлдээхийг хүсч байгаа бизнес чинь компанийн богино болоод урт хугацааны зорилтыг хангахад хувь нэмрээ оруулж байна уу?
Зорилтыг тодорхойлох асуудлыг хэлэлцэхдээ урт хугацаанд төдийгүй богино хугацаанд ямар байхыг бодохгүй бол болохгүй. Ерөнхийдөө явцгүй бизнест л энэ ажлыг “урт хугацаанд авч үзээч” гэх хүсэлт их байдаг бөгөөд ихэнх тохиолдолд энэ нь зүгээр л хугацаа сунгасан үйлдэл болдог.
4.      Орохыг хүсч байгаа бизнес, үлдээхийг хүсч байгаа бизнес чинь компанийн стратегийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах уу?
Компанийн стратегийн чанартай асуудлыг шийдвэрлэж чадахуйц байх тохиолдолд л одоо амжилтгүй яваа бизнес өөрийн хувь нэмэртэй гэж үзэж болно. Компанийн стратегид нийцэхгүй бизнест даншари хийх хэрэгтэй.
5.      Орохыг хүсч байгаа бизнес, үлдээхийг хүсч байгаа бизнес чинь ажилчдыг өөдрөг байлгаж, тэдэнд аз жаргал мэдрүүлэн, итгэл найдвар төрүүлэх үү?
Энэ тун чухал. Одоо бага зэрэг бэрхшээлтэй байсан ч тухайн үйл ажиллагаанд шууд хамааралгүй өөр ажилчид хүртэл тэр ажилд нэгдэн орж дэмжмээр санагдах, тэдэнд мөрөөдөл, тэмүүлэл өгөх үйл ажиллагаа байх чухал. Тэгж чадахгүй тохиолдолд тухайн бизнес ажилчдын хувьд зүгээр нэг “хүнд ачаа” болчихно.







No comments:

Post a Comment